Хайрыг түгээе подкаст-Дугаар #0 Мял богдын тухай - a podcast by Give love

from 2019-11-22T05:01:03

:: ::

Give love podcast #0


Мял богд багадаа баян айлын эрх танхи хүү байлаа. Эцэг нь зуурдын өвчнөөр талийсны дараа авга нар нь хүний мөсгүй зан гаргасан юм. “Аман дээрээ эх, хүүхдийг асарна гээд ачир дээрээ юу ч үгүй дээрэмдэж билээ. Амь зуухын эрхээр ээж, дүү бид гурав зун авга ахын боол болж тариалан дээр ажиллана. Өвөл авга эгчийн зарц болж унгас ноосон дээр өнжинө. Тэглээ гээд биднийг нохой шиг хооллож, илжиг шиг дарладаг байв. Онгорхой цоорхой тэрлэг олс дээсээр бүсэлчихээд амсхийх завгүй ажилладаг тул гар хөл яр дайраас салахгүй. Зовлон зовлогодоо дээрэлхүү хойно царай цонхийж, бие чөрийж, өмнө нь алт оюу асгарч байдаг гил үс хожим өнгөө алдан хогжруутаж, бөөс хуурс л бурзайх болсон юм” гэж дурсан өгүүлжээ. Эрийн цээнд хүрч өв хөрөнгөө авах гэхэд нь, “Танай өмч гэж хөгцтэй тос, хөөтэй алчуур ч үзээгүй. Газар тамгалах ганц мал ч хараагүй. Цэнгийн чинээ алт, атгын чинээ арвай ч байхгүй. Байсан ч та нарт өгөхгүй. Өнчин бэлбэсэн амьтдыг өлбөрүүлж үхүүлээгүй нь бидний сайхан сэтгэл. Олуулаа бол цэрэглэж ирээд аваарай. Цөөхүүлээ бол хараал хийгээд аваарай” гэж авга нар нь доромж тохуу хийсний улмаас ээжийнхээ захиас даалгавраар хар хүчний эрдэмд суралцахаар орон гэрээ орхин оддог. Догшин хараалын хүчээр олон хүний амийг бусниулсан өшөө авалтаасаа жаргал амсалгүй, өдөр хоол орохгүй, шөнө нойр хүрэхгүй гэмшиж зовох болсон. Тэгээд хар дарсан зүүд шиг энэ амьдралаас сэрж, гэгээн хутгийг олохоор сэтгэл шулуудан явсаар аугаа их бодьсадва Марва багштайгаа учирч, энэрэл билгийн мөн чанарт их хөлгөний гэгээрэлд хүрсэн юм. Олон жилийн дараа нутагтаа ирэхэд нь ахиад л бирдийн хомхой сэтгэлээр хожиж ховсрох гэсэн авга эгчээ хараад: “... Гэгээрлийн замд хамгийн чухал нь хүлцэл өршөөл гэдэг. Хүлцэл өршөөлд дасгалжуулагч нь авга эгч мөнөөс мөн. Ариун номтой учирсан минь ч цаанаа авга нарын маань ач байсан. Ийм их ачтандаа ачийн хариу болгож, энэ насны эд хөрөнгө байтугай эцэс чанадын бодь хутгийг ерөөн зориуляа” гэж боддог. Нээрээ л авга нар нь тийм зан гаргаагүй бол Мял хүү баян эцгийн өв завгамжлагч болж, арилжаа наймааг нь үргэлжлүүлэн нэг насаараа өнгө мөнгө хөөсөөр дуусах ч байсан бил үү. Тийм нэг наймаачин амьдарч байсныг өнөөдөр хэн дурсах билээ. Хаадын хаанаас илүү үнэний хаан болон мөнхөрсөн богд багшийг дагаж өдий хүртэл хичнээн олон хүн авралын замд орсон бол? Хожим хичнээн ч хүн тийнхүү гэгээрэхийг тооцох аргагүй. Тэр бүх хүмүүс албин чөтгөр шиг авир гаргасан авга нарт Мял богдын адил талархалтай биш үү.


Амьдрал тийм л гүн нарийн шүтэн барилдлага. Учрал бүрт нь бурхдын илгээмж, хором бүрт нь оршихуйн бэлэг агуулаастай. Гаднаа борогшуухан харагдах дугтуйг ад үзэн түлхэхгүй, талархан хүлээн авч, задалж үзвэл ямар их аз завшааныг алдах гэж байснаа ойлгох шиг. Хуурамч зүүдэнд мансуурч явахад нь жаргалаас илүү шүүмжлэл хүнийг хурцалж, саднаас илүү дайсан нь үнэний замд ташуур буулган шавдуулдаг ажээ. Үнэнийг таньсан мэргэдийн хувьд үхэл, амьдрал, жаргал, зовлон буян, нүгэл, амраг, дайсан гэсэн бүхий л хоёрдмол арилж, гагцхүү нэгэн бүхэл оршихуйн баяр цэнгүүн халгилнам.

Further episodes of Хайрыг түгээе-Give love

Further podcasts by Give love

Website of Give love